Би хэрхэн ажилладаг вэ? – Харвард & Оксфорды н Их Сургуулийг төгсөгч, MYSP-г үүсгэн байгуу лагч Ж.Тана | Unread

Өнөөдрийн манай зочин бол Ж.Тана. Дэлхийн залуусын мөрөөдөл болсон Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан анхны монгол төгсөгч тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртсэн хоёрхон хүний нэг болж, Английн алдарт Оксфордын их сургуулиас магистрын зэрэг хүртсэн билээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн шилдэгт тооцогдох Харвард болон Оксфордын их сургуулийг төгссөн түүн шиг эрхэм Монголд байтугай дэлхийд цөөн. Ж.Тана “MYSP” буюу Монголын Залуу Оюутан хөтөлбөрийг эх орондоо үүсгэн байгуулсан нь дэлхийн шилдэг их, дээд сургуулиудаас багш, оюутнуудыг Монголд авчирч, дунд сургуулийн гадаадад суралцах зорилго бүхий сурагчдад төрөл бүрийн хичээл зааж, зүг чигийг нь заадаг хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр нэгэнт болжээ. Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь төв салбарт ажиллаж байсан тэрээр тун удахгүй зөвлөх үйлчилгээний тэргүүлэх фирм McKinsey & Company-ийн Казахстан дахь салбарт ажиллахаар зэхэж байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: TGS-ийг үүсгэн байгуулагч, MYSP-г үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Бидний Монгол Мөрөөдөл” ТББ-г хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн гишүүн
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөлт, гүйцэтгэл
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Mac Air
Сошиал хуудсууд: Твиттер, Инстаграм, ЛинкедИн, Фэйсбүүк

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би хийх гэж байгаа ажлаа маш нарийн төлөвлөж, хийхэд хялбархан жижиг, жижиг хэсгүүдэд хуваан гүйцэтгэдэг. Жишээлбэл хичээл дээр өгсөн бие даалтын сүүлийн хугацаа 3 сарын дараа юм чинь гээд хойшоо тавих нь гол асуудлыг үүсгэдэг мэт. Яг үнэндээ бодитоор хараад тухайн ажлыг хийхэд хэдэн цаг хэрэгтэй, ямар зүйлс хийх шаардлагатай, хэзээ үүндээ зориулж цаг гаргаж болох вэ гэдгээ тооцоод бодохоор 3 сар өөрөө хангалттай цаг биш байж таардаг юм. Тийм учраас би үүнээс зайлсхийж, ажлуудаа гүйцэтгэхэд их амархан олон жижиг алхамуудад хувааж, хуваарь гарган ажиллахыг хичээдэг. Эхний агуулгаа гаргах, судалгааны хүрээнд нийтлэл унших, тэндээсээ эшлэл түүх гэх мэт.

Энэ аргаа би 2014 онд MBA-д сурах шийдвэр гаргах үедээ их сайн ашигласан гэж боддог. GMATөгөх хэрэгтэй байдаг, эссе бичнэ, тодорхойлолт авна, материал цуглуулах хэрэгтэй байдаг, гэтэл сургуулиудын материал хүлээн авах сүүлийн хугацааг харахаар надад ямар ч хугацаа байхгүй мэт. Гэтэл нэг өдөр Гүүглээс “GMAT-д 60 хоногийн дотор бэлдэх” гэдэг зөвлөгөө олж хараад шууд бүртгүүлчихсэн. Тэгээд өдөр болгон надад юу унших вэ, юу бодох вэ, юу бөглөх вэ гэдгийг хэлсэн даалгаврууд ирж эхлэсэн. Маш багаар, илүү үр дүнтэйгээр бэлдсэн тэр аргаараа, бүх хийх ажлуудаа хугацаагаар нь хүснэгтэлж, нарийн төлөвлөсөн байснаараа амжилтанд хүрсэн. Оксфордын их сургуульд сурах эрх авсан шүү.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Google Drive дээр бүх ажлаа хийдэг. Sheets, Docs, Slides гээд л бүгдийг нь тултал нь ашиглаж байна. Бүх төхөөрөмжүүд дээр зэрэг ажиллаж, бусад хүмүүстэй харилцахад ч засваруудаа нэг дор тулгаад явах нь их давуу тал авчирдаг. Ер нь утас, компьютертэй шууд холбогддог аппуудыг сонгож хэрэглэдэг.

Зарим төслүүд дээрээ Slack ашиглаж байна. Мессенжер, Facetime, Viber гээд харилцааны аппийн хэрэглээ улам л нэмэгдэж байгаа байх. Мэдээгээ бол BBC, Ikon-оос авна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ахиад л төлөвлөх гэж хариулъя. Хийх ажлуудаа маш сайн төсөөлж, нарийн төлөвлөчихсөн байхад асар их цаг хэмнэдэг. Аливаа ажилд хамгийн их цаг үрдэг юм нь хийх гэж байгаа зүйлсдээ сүрдээд яаж эхлэх билээ дээ гэж санаашрах мөчүүд байдаг гэж би ойлгодог. Яг үнэндээ хийгээд эхэлчихсэн байхад учир зүггүй хэцүү зүйл гэж байдаггүй юм шиг.

Нөгөө талаар хийх ажлаа төлөвлөхдөө өөрөөсөө шалтгаалах зүйлүүдээ цагтаа амжуулж, сахилга баттай байхаас гадна өөрөөс үл шалтгаалах зүйлүүдэд хангалттай цаг гаргаж төлөвлөх их чухал. Ахлах ангид орох гээд багшаасаа “тодорхойлолт захиа” авахаар хүсэхэд хэлсэн үгийг одоо ч санадаг юм. “Хүнээс юм гуйж байгаа бол 1-рт, хангалттай цаг өгч бай, 2-рт, гоёор гуйж бай. Цагийг нь тулгалгүй нөгөө хүнийхээ цагийг хүндэтгэж хангалттай цаг олгоод эвтэйхэн гуйх хэрэгтэй” гэж байсан юм. Тийм учир хүмүүстэй хамтарч ажиллахдаа нөгөө хүнээ тулгаж, зовоохгүй хангалттай цаг өгөхийг эрмэлздэг.

Бас кофе огт уудаггүй минь овоо цаг хэмнэдэг байх шүү /инээв/

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утсан дээрээ бол Calendar, Note-оо ашиглаад хуваариа гаргаад, ажлуудаа жагсаагаад явдаг. Гэхдээ бүх ажлын болон амины тэмдэглэлээ жижиг хувийн дэвтэр дээрээ хөтөлнө, жил бүр шинийг зориулж авч ашигладаг. Хамгийн эхэнд байдаг энгийн календарь хэсэг дээр нь зайлшгүй санах ёстой томхон үйл явдлуудаа биччихнэ. Тэгээд өдөр өдөртөө хийх ажлуудаа жагсааж бичнэ, орой бүр хийсэн хэрнээ тэмдэглээгүй байсан ажлуудаа нөхөж бичдэг. Бүх тэмдэглэлээ хөтлөөд явах нь сүүлд эргүүлж харах, юм санахад амар байдаг юм.

Сонирхуулахад, би LWA гэсэн техник ашиглаж, өдөр бүр үүндээ зориулж, нэг нэг мөр тэмдэглэл хөтөлдөг юм. L буюу Learning гэдэгт нь би тухайн өдөр шинээр сурсан, мэдэж авсан зүйлээ бичдэг. Том байх албагүй. Улсын бүртгэл дээр оочер, дараалал гэж “аймшигтай” байдаг юм байна шүү гэдэг нэг зүйл сурч байгаа хэрэг. W буюу Win гэдэгт нь тухайн өдөрт бүтээсэн нэг юмаа бичдэг. Дүү дээрээ очиж баярлуулсан ч юм уу, эсвэл нэг төслийн даалгаврын ард гарсан гэх мэт. A буюу Action гэдэгт нь тухайн өдөр ойлгосон дараа нь хийх хэрэгтэй юмсаа тэмдэглэдэг. Тэр хүнд зураг явуулах хэрэгтэй, ийм хүнтэй харилцах арай өөр арга ол гэх мэтээр өөртөө сануулга маягаар бичдэг гэсэн үг л дээ. Яг ч өдрийн тэмдэглэл шиг дэлгэрэнгүй биш ч эргээд гараар бичсэнээ харахад дурсгалтай, жилээс жилд өөрийнхөө мөрийг үлдээж байгаа утгаараа надад их чухал байдаг юм.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өнгөрсөн жилийн 9-р сард сургуулиа төгсөөд ирсэн. Энэ жилийг өөрийнхөө хийж үзье гэж байсан ажлууд, хүссэн төслүүдээ хийхэд зориулахаар төлөвлөсөн байгаа. Хувиараа бие дааж ажиллахын хамгийн хэцүү нь тогтсон хамт олон гэж байхгүй нь байх. Үргэлж өөр өөр хүмүүстэй, өөр зан характертай хүмүүстэй хамтрах хэрэг гарна. Дээрээ дарга байхгүй, шаардах хүн байхгүй учир үргэлж өөрийгөө дайчлах хэрэгтэй болно.

Нөгөө талаар анх төсөөлж байсан шигээ өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ дээ гэж бодсон ч түүнээсээ илүү дараагийн ажлаа олох, уулзалтууд хийх, хүмүүст сурталчлах, хамтран ажиллах боломж эрэлхийлэх гээд өөр ажлуудад их цаг зарцуулдаг юм байна. Гэхдээ л дуртай ажлаа хийж байгаа учир сэтгэл хангалуун байгаа шүү.

Ирэх 8-р сард би дэлхийн топ менежмент консалтингийн компаниудын нэг McKinsey & Company-д ажиллахаар Казахстан руу нүүж байгаа юм. 4 шаттай, нэлээн чанга шалгаруулалт байдаг юм байна. Эхлээд CV, материалаа явуулна, дараа нь онлайн тооны шалгалт өгнө. Үүний дараа хамт ажиллах гурван хүнтэй ярилцлаганд орж, өөрийгөө танилцуулаад кэйз дээр ажиллана. Богино хугацаанд тоо бодно, шийдэл сэтгэнэ, түүнийгээ тайлбарлана гээд нэлээн бэлтгэл хэрэгтэй юм билээ. Сүүлийн шатанд гурван партнертай ярилцлаганд ороод, ажиллахаар болж тэнцсэн дээ.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн хэдэн долоо хоног Mongolian Young Scholars Program-ийнхаа ажилд төвлөрч байна. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй, Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг энэ хөтөлбөрт маань энэ жил 300 гаруй хүүхэд материал ирүүлсэн нь дээд амжилт болсон. Эдгээр материалуудтай бүгдийг нь танилцаж, 100-аас нь ярилцлага аван, 30-ыг нь шалгаруулна гэдэг үнэхээр том сорил байлаа. Манай хөтөлбөрийн шалгаруулах журам өөрөө АНУ-д суралцах өргөдөл өгөх үйл явцтай яг адил зарчмаар явагддаг. Эссе бичих, асуултуудад хариулах, багшаас тодорхойлолт авах, ярилцлага өгөх гэх мэтээр сорилуудыг давснаараа хүүхдүүд асар их туршлага хуримтлуулдаг юм. Тэнцэхгүй байсан ч ядаж эссений асуултаа бодож, өөрөө судалгаа хийж, хичээл зүтгэл гаргасан учир цагийн гарз гэж бодох үндэслэлгүй.

Энэ хөтөлбөр маань өөрөө ашгийн бус учраас санхүүжилтээ босгох, авчирч байгаа багш нараа сонгох, хичээлүүдийг нь бэлдүүлэх, заримынх нь виз, бичиг баримтыг хөөцөлдөх гээд ажил мундахгүй.

MYSP-г зохион байгуулж буй 6 жилийн хугацаанд 180 хүүхэд шалгарч, зуны сургалтанд суугаад байна. 7 хоногийн эрчимжүүлсэн, зөвхөн англиар харилцдаг энэхүү вакумжуулсан хөтөлбөрт хамрагдсан хүүхэд бүр дор бүрнээ ахицтай, амжилттай, хамт олонтой болоод төгсдөгт нь баяртай байдаг. MIT, Харвардаас эхлээд топ сургуулиудад элссэн сурагчдаараа бахархдаг. Манай төгсөгчид эргэж ирээд холбоотой байж, хөтөлбөртөө багшилж, зохион байгуулдаг шүү.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Яг ажиллаж байх үедээ бол дуу сонсдоггүй, төвлөрч чаддаггүй юм. Ер нь бол хөгжмийн нэг их мэдрэмжтэй гэж өөрийгөө хэлэхгүй, сонсоход амархан, хөнгөн дуунууд сонсоно. The Beatles, Adele, Taylor Swift-ийг сонсох дуртай. Электроник төрлийн хөгжмүүдийг фестиваль руу зорьж очиж, мэдэрч сонсох дуртай шүү.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Хамгийн сүүлд Элон Маскийн намтрыг уншсан, маш их таалагдсан. Хүний боломжгүй гэж үзсэн зүйлсийг үзээд алддаг, бүтэхгүй гэгдэж байсан зүйлсэд бодит шийдэл санал болгож чаддаг түүний намтраас аливааг төгс болгох гэж цаг алдах шаардлагагүй, хурдан, хямдхан аргаар туршаад үзэх нь илүү ач холбогдолтой болсон гэдгийг анзаарсан. Орчин үед технологио төгс болгох гэж бөөн зүтгэсээр ард нь гартал дэндүү удаад, хийж байгаа зүйл нь хуучирсан, хоцорсон байх магадлал өндөр. Тийм учир хурдан хийж, хурдан алдаж байж амжилтанд хүрдэг мэт.

Би уран зохиол унших дуртай. Хүмүүсийн талаар номноос л мэдэж авдаг. Дүрүүдийн зан байдал, хийж буй үйлдэл надад асар их ухаарал өгдөг. 9-р ангидаа хичээл дээрээсээ уншаад надад асар их нөлөөлсөн Херман Хессегийн Бурхан багшийн талаар бичсэн “Сиддарта” бэсрэг романыг 11-р ангидаа монгол хэл рүү орчуулж гаргаж байлаа. Аав ээждээ хэчнээн тайлбарлаж, ярьж өгсөн ч өөрөө унштлаа над шиг мэдэрч, шингээж авч чадахгүй юм шиг санагдаад зориг гарган орчуулсан хэрэг.

Дэлхийн Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч К.Швабын бичсэн “Аж үйлдвэрийн 4-р хувьсгал” номыг санал болгоё. Технологио дагаад нийгэм өөрчлөгдөж байна. Түүнд өртөөгүй салбар, чиглэл гэж алга. Яг бодит байдал дээр юу болж байгаа, юу бодож байх хэрэгтэй вэ гэдгийг товчхон тайлбарлаж өгсөн ном.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Холимог гэж хариулна. Зарим үедээ дотогшоо, зарим үедээ нээлттэй байх. Би хүмүүстэй хамт байж санаа авдаг, эрч хүч авдаг . Гэхдээ хэт удаан нээлттэй байхаар их ядардаг, ганцаараа, хэнтэй ч ярихгүй байж цэнэглэгдэх дуртай.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хийж байгаа ажил, орчноос хамаараад байнга өөрчлөгддөг дөө. Одоо бол 12 гэж унтаад 7 өнгөрөөгөөд сэрж байх шиг байна. Рио Тинтод ажиллаж байх үедээ 7 гэж босоод 8 гэхэд ажил дээрээ очдог байлаа. Оксфордод бол 8:45-д лекцийн суудалдаа суусан байх ёстой байдаг учраас 7:30 гэж яг сэрдэг байсан.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаараа найзуудтайгаа уузаж, ярилцаж суух дуртай. Эсвэл гэртээ ном уншаад, дэлхий даяар тарсан найзуудтайгаа холбогдоод байхтай минь таарч болох байх.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Окфсордод хамт сурч байсан нэг найз маань унтахынхаа өмнө орой бүр хэн нэгэн хол байгаа найзтайгаа 1 цаг Skype-аар ярьдаг тухайгаа ярьж байсан юм. Үүнээс санаа авч, долоо хоногтоо 2-3 удаа уулзаагүй удсан найзуудтайгаа холбогдохыг эрмэлздэг. Найзууд минь энд тэндгүй ажиллаж, амьдарч, янз бүрийн ажил хийж байгаа учир тэдэнтэй ярилцаж эрч хүч олж аван, тэдний түүхийг сонсож урам зоригоо бадраадаг.

Хамгийн сүүлд л гэхэд Харвардад хамт сурж байсан Марк гэдэг найзтайгаа ярьсан байна. /Фэйстаймаа үзүүлэв./ 4 жил консалтингаар ажиллаж байгаад Стэнфордод MBA хийж буй тэр өөрөө олон хүнээс ярилцлага өгч байсан учир Mckinsey-д орох шалгаруулалтын үед олон чухал зөвлөгөө өгсөн. Аннамариа гэж Оксфордын найзтайгаа ярьж, сүүлд шинээр хариуцах болсонМексик дэх Uber-ийн ажлынх нь сонин сайхныг сонссон. Хурдан өсөлттэй, стартап орчинтой ч аль хэдийн глобал компанийг шинэ зах зээлд удирдаж буй түүнээс их мэдээлэл авч байх жишээтэй. Глобал Шэйпэрс нийгэмлэгийн найзуудаасаа бас эрч хүч авч, суралцдаг.

Сүүлд Фэйсбүүкийн М.Зукерберг Харвардынтөгсөлтийн баяр дээр хэлсэн үгэндээ цөөхөн хэдэн хүнийг нэр заан босгож, онцлон баяр хүргэсний нэг нь миний найз байсанд их баярласан, бас бахархсан. Харвардын доод ангид сурч байсан, хамтдаа эмэгтэйчүүдийн нийгэмлэгт харьяалагдаж байсан Ниха найз маань Харвардын бизнесийн сургуулийг төгсөж байсан юм л даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Намайг үргэлж зоригжуулж, дэмждэг ээжийнхээ бага байхаас хэлдэг байсан нэг үгийг үргэлж санадаг. “Хийвэл хийсэн шиг хий, хичээлээ хийсэн шиг хий, ажиллавал ажилласан шиг ажилла, амарвал амарсан шиг амар”. Юу ч хийж байсан түүндээ хангалттай цаг, хөдөлмөр гаргаж, сэтгэлээ шингээж бай гэдгийг хэлж байсан хэрэг л дээ. Заримдаа хийгээд байгаа үгүй нь мэдэгдэхгүй цаг нөхцөөх үе гардаг. Энэ үед ингэж сатаарч суухаар, хэсэг завсарлаж сайн амарсан нь дээр байдаг юм шиг. Эцэст нь хэн нь сэтгэл гаргасан байна, хэн нь “халтуурдсан” байна гэдэг нь их тод харагддаг шүү дээ.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Залуучууддаа үзээд алдахыг алдаж байна гэж битгий бодоорой л гэж хэлмээр санагддаг. Би угаасаа чадахгүй, тэнцэхгүй юм чинь материалаа өгөөд ч яахав, нэмэргүй гэж л бодож болохгүй. Оролдож байж л сайжирдаг. Үзээд алдаж байж л туршлага авдаг. Дээрээс нь “үгүй” гэсэн хариу авснаараа асар их хурцлагддаг юм.

Мөн шүүмжлэлийг сайн хүлээж авч байх хэрэгтэй юм шиг санагддаг. Магтах амархан, магтаал хүлээн авах сайхан. Гэхдээ ихэнх нь шүүмжлэлээс зайлсхийж, шүүмжлэлийг их эмзэг хүлээж авдаг. Үүний оронд шүүмжийг баярлаж хүлээн авах хэрэгтэй. Хүн шүүмжлэхгүй бол өөрөө хийснээ тунгааж бодон, яавал илүү сайн, илүү дээр хийж болох байсан гэдэг дээр цаг гаргах хэрэгтэй юм шиг.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЧ БАЙНА ВЭ?

Сингапурын McKinsey & Company-д ажилладаг Б.Мөнх-Эрдэнийг санал болгоё. Олон том төслүүд дээр компаниа төлөөлж ажилладаг, чадварлаг мэргэжилтэн.

Гэрэл зургийг Э.Соёл-Оргил

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor рүү бичээрэй.

ДАРААГИЙН НИЙТЛЭЛ

АПП ТОЙМ: SHERPA – ГОЁМСОГ ЗУРГУУДААР ДЭЛХИЙГ ТОЛЬД

http://www.unread.today/posts/post/1027

Advertisements