С.Мандахбат: Австрали нь АНУ, Хятадаас хөрө нгө оруулалтаа татдаг | www.ulstur.mn

Subscribe to our RssFollow us on Twitter!Follow us on Facebook!Check out our Youtube!

www.ulstur.mn468 X 60

С.МАНДАХБАТ: АВСТРАЛИ НЬ АНУ, ХЯТАДААС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТАТДАГ

Онцлох мэдээЯрилцлага— 06 November 2014

С.Мандахбат: Австрали нь АНУ, Хятадаас хөрөнгө оруулалтаа татдаг

Москва хот дахь Улс Түмний найрамдлын Их сургуулийн Хууль зүйн факультетыг улаан дипломтой дүүргэж, Австрали Улсын Мельбурны Хууль зүйн сургуулийн магистрт тус тус суралцсан. Хууль зүй, дотоод хэргийн

яаманд 10 гаруй жил мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч даргаар ажиллаж байсан, өдгөө Австрали улсад ажиллаж, амьдарж, “судалж”буй Өндөр овогт Сэрээновын Мандахбаттай ярилцсанаа хүргэж байна.

-Саяхан Австрали улсад томоохон форум зохион байгуулсан байна. Энэхүү форумын талаар яриагаа эхлэх үү? Уг хөгжлийн чуулганд ямар асуудлыг голчлон хэлэлцсэн бол?
-Монгол-Австралийн Хөгжлийн Чуулганыг “Хөгжлийн төлөөМонгол-Австралийн Нөхөд“ ТББ-аас анх удаа 10 сарын 31-ны өдөр Австралийн Брисбэн хотод амжилттай зохион байгууллаа.
Чуулганд Монгол Улсын Засгийн газар, Элчин сайдын яам, Австрали Улсын Холбооны болоод мужийн Засгийн газар, 2 улсын хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсрол, соёлын байгууллагын 120 гаруйтөлөөлөл оролцлоо. Хурлын хувьд үндсэн хэсэг, гурван салбар хуралдаанаас бүрдэж байсан. Монгол Улсын ойрын 20-30 жилийн хөгжлийн түлхүүр нь хүссэн, эс хүссэн Уул уурхай байх болно. Тэгэхээр нэн тэргүүний ээлжинд үүний сайн, муу талын тухай ярилцсан. Ялангуяа байгаль орчин, хүйсийн тэгш байдал, ядууралд хэрхэн нөлөөлөх, уул уурхайн сөрөг үзэгдлүүдээс хэрхэн сэргийлэх, хамгаалах, сөрөг нөлөөг багасгаж, хөгжил авчрах сайн гарцуудын талаар ярилцлаа. Хөгжлийн Форум нь дан ганц Монголын талаар бус, хоёр орны хөгжлийн асуудлыг мөн ярилцсан. Тэр дундаа Монгол Улсын хөгжил нь Ази-Номхон далайн бүсийн хөгжлийн буюу Австралийн ашиг сонирхлын нэг хэсэг. Иймээс Монгол Улсын хөгжилд мэдлэг чадварыг хэрхэн дамжуулах, харилцан туслах, хамтын ажиллагааны үр дүн, цаашид түүнийг хэрхэн ахиулах талаар хэлэлцлээ. Тухайлбал, Австрали Улсын Засгийн газрын 100 хувийнзардлаар 400 орчим иргэн Австрали Улсын их сургуулиудад магистрийн зэрэг хамгаалсан. Австрали Улсаас дээд боловсролтой 200 гаруй сайн дурын ажилтан Монголын төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж туршлага солилцсон. Австрали Улсаас Монгол Улсад одоогоор 600 гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа. Австрали Улсад Монгол Улсын 2 мянга орчим иргэд амьдарч, ажиллаж, суралцаж байгаа зэрэг тоон мэдээлэл байна. Эдгээр тооны цаад агуулгыг ярилцсан гэсэн үг.

-“Хөгжлийн төлөө Монгол-Австралийн Нөхөд“ ТББ нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Ямар зорилготой, юу хийдэг байгууллага бол?

-2014 оны 6 дугаар сард Брисбэн, Алтан эрэг хотод амьдардаг таван Монголзалуу уулзаад Монгол, Австралийн харилцаа эрчимтэй хөгжиж, маш олон хүмүүс туршлага солилцож байгаа ч Монголчууд мэргэжлийн түвшинд өсөж дэвших, Австралид байгаа Монголчуудын боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Монголд байсан Австраличуудтай тасралтгүй холбоотой байх зэрэг ажил дутмаг байгаа талаар ярилцаж байсан юм. Ингээд бид эхний ээлжинд хэд хэдэн Австрали хүмүүст санал тавин энэ байгууллагыг байгуулсан. Эхний ажил 2014 оны 7 сарын сүүлээр Брисбэн хотын төвд Алленс хуулийн фирмийн хурлын тэнхимд 30 гаруй хүн цуглуулан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн семинар зохион байгуулсан. Сая дээрх Монгол-Австралын Хөгжлийн Чуулганыг амжилттай зохион байгууллаа.

-Австрали Улсын Рио Тинто компани манай улсад хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ талаар болоод уул уурхайн хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар гадныхан ямар байр суурьтай байна?
-Энэ талаар чуулганы үеэр тусгайлсан дэд хуралдаан болсон. Байгалийн баялгийг хэрхэн зөв зохистой ашиглаж хөгжлийг дэмжих вэ гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. Энэ хэсгийн үндсэн илтгэл нь “Гадаадын хөрөнгө оруулалтад нөхөрсөг, хөхиүлэн дэмжсэн нөхцлийг хэрхэн бий болгох вэ?” гэсэн илтгэл байлаа. Үндсэн болоод бусад илтгэл, оролцогчдын асуулт, хариултаас ажиглаж харахад Монгол Улс хууль тогтоомжийн хувьд тогвортой байж чадахгүй, дээр нь дэлхийн хамгийн том уул уурхайн компани Монголчуудтай ойлголцож чадахгүй байгаа болохоор хүлээсэн, ажигласан байдалтай байна гэж дүгнэж болохоор байлаа. Иймээс манайх нэн даруй энэ түгжээнээс гарах хэрэгтэй байна.

-Тэгэхээр та өөрөө энэ уул уурхай, газрын тосны салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулах, гэрээ хэлэлцээрт оролцож байсны хувьд өнөөгийн байдлыг хэрхэн харж байна вэ?
-Бодлого боловсруулах, тодорхойлох, хэрэгжүүлэх үйл явцад сүүлийн 2 жилд идэвхитэй оролцоогүй болохоор нарийн мэдэхгүй байна. Гэхдээ ажиглаж байсан, мэдээлэлтэй байсан. Өөрийн хэмжээнд гадна, дотны хүмүүстэй харилцаж, гэрээ хэлэлцээ хийж, судалгаа хийсний хувьд ажигласан зүйл байна. Яалт ч үгүй шинэ Засгийн газар гараад бүх зүйлийг “шинэчлэх” хүрээнд харамсалтай нь хуучнаа бүгдийг үгүйсгээд хөрөнгө оруулагчдыг үргээчихлээ. Энэ алдаагаа ч Засгийн газар ухамсарлаж Хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах гэж оролдож байгаа нь сайн хэрэг.

-Уул уурхайн салбар ерөнхийдөө зогсонги байдалд орчлоо. Эндээс яавал хурдан түргэн гарах боломжтой гэж харж байна?
-Олон Улсын эрдэс баялаг, эрчим хүчний эрх зүйн төвд судлаачаар одоо ажиллаж байгаа сэдэв маань Монгол, Австралийн Уул уурхайн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг харьцуулан судлах юм. Энэ судалгааны ажлын хүрээнд болоод миний ерөнхий хобби гэж хэлж болохуйц зүйл бол Монгол Улсын Уул уурхайн удаан хугацааны эрх зүйн бодлогын хувилбаруудыг гаргах гэж оролдож байгаа зүйл. Австрали, Канад, Өмнөд Африк бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн орон. Австралийн уул уурхайн хөгжлийн амин сүнс нь гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Америк, Хятадын хөрөнгө оруулалт юм. Австралийн уул уурхай өөрөө гадаад хөрөнгө оруулалт дээр суурилж хөгжсөн түүхэн уламжлалтай. Монголын уул уурхайн хөгжил, ашиглалт бол гадаадын хөрөнгө оруулалтаас шууд хамаарна. Иймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татсан, үндэсний эрх ашгаа бодолцсон удаан хугацаанд үйлчилж болох тэр л хууль, эрх зүйн орчинг бид яаралтай тодорхой болгох хэрэгтэй байна.

-Цаашид тийм байх юм байж. Тэгвэл дахин асуухад, Одоо түгжээнээс хэрхэн гарах вэ?
-Рио Тинто төслөө урагшаа ахиулахгүй, гадаадын дунд болоод жижиг хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа үндсэн шалтгаан нь ердөө л урт хугацааны тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчин. Туухайлбал, шинээр лиценз олгож эхэлнэ гэснээс хойш 3 сар гаруй хугацаа өнгөрчихлөө шүү дээ. Шийдсэн зүйл одоог хүртэл алга.

-Судалгааны ажил чинь хэзээ дуусах вэ? Үр дүнг нь хэзээ ажил болгох гэж байна?
-Энэ ондоо багтааж нэг нийтлэл гаргахаар ажиллаж байна. Эрдэс баялаг, газрын тосны хууль, эрх зүй, бодлогын судалгаа, сургалтаар Дэлхийд нэгдүгээрт ордог Их Британи Улсын Дандигийн их Сургуулиас Эрдэс баялгийн эрх зүй, бодлогын магистрын сургалтад суралцах урилга, сургалтын зардлын зарим туслалцаа бүхий урилга надад ирүүлсэн. Тэгээд энэ алдартай сургуульд суралцахаар тэтгэлэг хайж эхэлсэн. Цаг хугацаа тулсан байсан тул тэтгэлгүүдийн боломж ховор байлаа. Тэгээд аз болж энэ оны 8 дугаар сард Засгийн газраас Газрын тосны тэтгэлгээр гадаадад магистрт суралцуулах уралдаант шалгаруулалт зарласан байсан. Энэ шалгалтанд орж, 40 хүнээс эхний 5-д орон Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч, газрын тосны тэтгэлгээр суралцах эрхтэй болсон.

-Яагаад гэнэт газрын тос болоод явчихав?
-Гэнэтийн зүйл биш л дээ. Би Хууль зүйн яаманд мэргэжилтэн байхаасаа эхлээд л газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд санал өгөх, мөн Газрын тосны тухай хуулийн үзэл баритмлал, хуулийн төслийн анхны хувилбар зэргийг боловсруулж, Дорнод, Дорноговь, БНХАУ-ын Дайчин хотод хүртэл очиж ажиллаж байсан. Тэгээд нүүрсний асуудал нь газрын тос, эрчим хүчний салбарын нэг хэсэг тул байнга миний судалгаа, сонирхлын нэг хэсэгт байдаг юм.
-Яагаад докторт суралцахгүй, мастерт дахин суралцах гэж байгаа юм бэ?
-Үнэндээ Куинсландын Их сургуулиас Докторын сургалтад хамрагдах урилга надад уг нь ирсэн. Докторт суралцахгүй байх хамгийн гол шалтгаан бол хэтэрхий удаан санагдаад байсан. Монголдоо очиж жаахан ч гэсэн өөрийгөө сорьж, жаахан гэлтгүй бодит ажлыг эх орондоо хиймээр байгаа юм. Гэхдээ миний сонирхдог энэ салбарт Дэлхийд нэгдүгээрт ордог дагнасан хуулийн сургуулиас урилга ирсэн тул үүнийг ашиглах нь зүйтэй л гэж үзсэн. Энэ бол миний гадаадад харьцангуй удаан байх сүүлийн зогсоол байх болно.

-Тэгэхээр 2016 оноос Монголдоо суурин амьдрах юм байна гэж ойлголоо. Хууль зүй, дотоод хэргийн салбартаа ажиллах уу? Энэ салбарын талаар ерөөсөө ярьсангүй.
-Би чинь Хууль зүй, дотоод хэргийн яаманд 10 жил ажилласан, одоо ч өөрийгөө төрийн албан хаагч гэж ойлгож яваа. Энэ салбарын хүн гэж өөрийгөө боддог. Шууд энэ салбартаа ажиллахгүй байгаа ч энэ салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл, халаа сэлгээг анхааралтай ажиглаж байна. Ялангуяа 2009-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын багт орж ажиллаж байхад хийж байсан ажил хэрхэн үргэлжилж байгаа, эсхүл зогссон эсэх гээд харж л сууна. Уул уурхай, газрын тосны салбар бол Монгол орны эдийн засаг, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал гээд бүх салбарт голлох нөлөөг үзүүлж байна, цаашид ч үзүүлсээр байх болно. Тиймээс бас л хуулийн салбартаа ажиллаж байна гэж хэлж болно гэж бодож байна.

10541055_10152771481121757_7946429391814223771_o
-Цагдаа, шүүх, хуулийн мэргэжлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийн талаар толгой яаманд нь ажиллаж байсан хүний хувьд хэрхэн харж байна?
-Шүүхийн салбарын багц хууль нь өөрөө Үндсэн хуульд нийцээгүй хэд хэдэн заалттай байна гэж боддог. Өнөөг хүртэл яагаад иргэд Үндсэн Хуулийн цэцэд хандахгүй байгаад гайхдаг байсан. Харин хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан хүн Цэцэд зөвхөн нэг асуудлаар буюу шүүгчийн томилгооны талаар хандсан байсан. Цаашид олон хүн энэ багц хуулийн талаар Цэцэд хандах байх. Амьдрал дээр ч гэсэн шинээр байгуулагдсан Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүгчийн халаа сэлгээтэй холбоотой асуудал хангалттай бичигдэж байна шүү дээ. Цагдаагийн шинэчлэлийн хувьд бүх нийтийн өмнө ил тод байна даа. Хуульчийг сонгон шалгаруулах тухай хууль анх 2003 онд Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил сайдын үед батлагдаж байсан. Ерөнхийдөө барууны өмгөөлөгчдийн барын тогтолцоонд шилжсэн. Харин сүүлийн буюу 2012 онд орсон өөрчлөлт нь энэ тогтолцоог эвдээд, ойлгомжгүй болгочихсон. Одоо гурав, дөрвөн хуульч, өмгөлөөгчдийн холбоо, нийгэмлэг, ассоциаци гэж байна. Уг нь бол шүүгч, өмгөөлөгч, прокурор, төрийн албан хаагч, хуульч нарыг нэг байгууллагад оруулж хооронд нь өрсөлдүүлэх битгий хэл хуралдааны бус цагаар уулзуулах асуудлыг зохицуулсан байдаг

-Би таныг Монгол Улсын Засгийн газарт, Хууль зүйн яаманд байхаас мэднэ л дээ. Харин одоо хаана ямар ажил хийж байна?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2013 оны 1 дүгээр сараас түр чөлөөлөгдөөд байгаа. Өөрөө суралцах болоод бусад хувийн шалтгаанаар чөлөө авсан. Түүнээс хойш Австралийн Куинсланд мужийн Брисбэн, Алтан Эрэг хотод ажиллаж амьдрч байна. Одоо бол “Хөгжлийн төлөө Монгол-Австралийн Нөхөд инк. “ ТББ-ыг Монгол, Австралийн найз, нөхөдтэйгээ хамтран байгуулж, түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Мөн түүнчлэн Куинсландын Их Сургуулийн Хуулийн сургуулийн Олон Улсын Эрдэс баялаг, Эрчим хүчний эрх зүйн төвд судлаач, Гриффитийн их сургуульд орон тооны бус багш, орчуулагчаар ажиллаж байна.

-Цаашид бодож санаж байгаа томоохон зүйл юу байна? Тань шиг боловсон хүчин Монгол орны хөгжилд хэрэгтэй байна?
Бодож санаж байгаа зүйл гэвэл яг үнэндээ цээжинд, компьютерт багтахгүй (инээв). Эхнээс нь ажил болгохсон гэж л бодож явна. Залуу хүний яаруу давчуу, тэсрэмтгий байдлаа хэргээр хаяа дарах гэж оролдож байна даа. Амьдрал үргэлж сайхнаараа шүү дээ, амьдралд байгаа зүйлдээ хангалуун байж аз жаргалыг аль болох хором тутамд мэдрэх гэж оролдох хэрэгтэй байх. Хүүхэдтэйгээ тоглоод эхнэрээ инээхийг хараад суух шиг жаргал хаана байх вэ. Манай найзын хэлэх дуртай үгийг би хэлэх дуртай. “Тодорхой юманд Толгой өвдөхгүй” гэж.

Баярлалаа.
Танд бас баярлалаа. Ажилд чинь амжилт, Амьдралд чинь аз жаргал хүсье.

Д.Цээнэ

http://www.ulstur.mn/?p=19498

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: