USA scholarship Fullbright

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ

Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх явдал. Фүлбрайт Хөтөлбөр анх 1994 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүст сурч, багшилж, судалгаа хийх боломж олгодог юм.

Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Эдгээр тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.

Фүлбрайт Хөтөлбөрийн Монгол дахь тэтгэлэгүүд-

http://mongolia.usembassy.gov/educational_exchanges.html

Англи хэлтэй хүнд эдгээр мэдээлэл хангалттай ойлгомжтой тул би энд эдгээрийн талаар дэлгэрүүлж бичсэнгүй.

Харин би олонх оюутан залуусын сонирхдог Фүлбрайт Гадаад Оюутны Хөтөлбөр буюу мастерын тэтгэлгийн талаар өөрийн туршлагаас хуваалцахаар доорх мэдээллийг сийрүүлэв.

http://mongolia.usembassy.gov/fulbright_2013-2014.html

Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд тавигдах үндсэн шаардлага нь:


Их, дээд сургууль төгссөн, баклаврын дипломтой байх;


Англи хэлний өндөр мэдлэгтэй буюу хамгийн багадаа IBT-гийн 80 оноо, TOEFL ийн 550 оноотой байх ёстой.

Cонгон шалгаруулалтыг хийхдээ аль болох өмнө нь АНУ-д суралцаж, амьдарч байгаагүй хүмүүсийг түлхүү дэмждэг хэдий ч өмнө нь АНУ-д байсан бол тэнцэхгүй гэсэн үг биш.

Энэ тэтгэлэгт хамрагдсанаар суралцаж болох мэргэжлийг дээрх холбоос дээр жагсаасан байгаа бөгөөд миний ойлголтоор ихэнх мэргэжил үүнд хамрагдсан байгаа. Өмнө нь болохоор бизнес, санхүүгээр суралцахыг хязгаарласан байсан боловч саяхнаас энэхүү жагсаалтыг улам өргөжүүлснийг анзаарав. Тэгэхээр оюутан залууст сонголт улам нээлттэй болж байна гэсэн үг.

Намайг 15-тай байхад энэ шалгуур нилээн чанга байсан бөгөөд заавал 2-3 жил ажилласан ажлын туршлагатай байх ёстой гэдэг байсан нь харин сүүлийн үед байхаа больсон байна билээ.

Тэтгэлэгт хамрагдах анкет болон холбогдох материалыг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны Олон Нийтийн Харилцааны хэлтэс хариуцан эрхэлдэг. Энэхүү тэтгэлгийг жил бүрийн 3 сарын эхээр өөрийн цахим хуудас болон өдөр тутмын хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэдэг бөгөөд анкет авах эцсийн хугацааг тодорхой заасан байдаг. Манай Монголчууд юмыг цагийг нь тулгаж хийх дуртай юм болохоороо ихэвчлэн эцсийн мөчид хам хум өгдөг жишиг бий.

Тэтгэлэгт хандах анкет ерөөсөө товч бөгөөд тодорхой хоёр нүүр хуудас бий.

http://photos.state.gov/libraries/mongolia/82677/PDF/FullbrightApplication13%20fillable.pdf

Өөрийн чинь талаар ерөнхий мэдээлэл, сурч төгссөн сургууль гэх мэт. Анкет бөглөхөд цаг нилээн шаарддаг хоёр зүйл гэвэл нэг нь эссе, нөгөөх нь өөрийг чинь мэргэжлийн эсвэл боловсролын түвшинд сайн мэдэх хоёр хүнээс өөрийг чинь тэтгэлэгт санал болгосон захиа буюуrecommendation letter. Үүнд нэг хэцүү нь эссе хоёрхон хуудас, нөгөө хэцүү нь манай монголчууд ийм захиа бичиж сураагүй бөгөөд “Чи өөрөө бичээд ир, би гарын үсэг зурчихъя” гэсэн байдлаар ханддаг. Сургуульд ч тэр, ажилд ороход ч тэр, сэтгэлээсээ цаг зав гаргаад намайг санал болгосон таван өгүүлбэр биччих сэтгэлтэй, чадалтай Монгол хүнтэй би цөөн таарсан. Тиймээс би аль болох гадны хамт ажиллаж байсан менежер эсвэл профессоруудаас гуйдаг.

Эссе яагаад хэцүү вэ гэхээр чи өөрийн хүсэл зорилго, сурах гэж тэмүүлээд байгаа шалтгаан, их зүйл сураад буцаж эх орондоо ирээд тэрнийхээ хэргийг хэрхэн гаргах талаар хоёрхон нүүрэнд багтаах ёстой. Энэ зөвхөн энэ тэтгэлэгт хамааралтай ч биш. Дэлхийн ихэнх их дээд сургуулийн хамгийн том шалгуур үүнтэй адил таны үзэл бодол, ямар хүн бэ гэдгийг чинь хоёр нүүр эссегээс л дүгнэдэг. Тэгэхээр үүнд бодолтой хандах хэрэгтэй. Эссегээ бичихдээ хангалттай цаг зав, ухаан зарцуулах хэрэгтэй. Үүнийг бичихдээ чи сурсан зангаараа зүгээр нэг Гүүглэдээд хэн нэгнийг эссег дуурайгаад юмуу, хүний санаанаас будаа идвэл хол явахгүй. Энэ эссе зөвхөн чиний байгаа нөхцөл байдалд нийцсэн, чиний амьдралдаа үзэж харж туулсан, ирээдүйд чиний хэн болохыг тодорхой хэмжээнд тодорхойлсон байх учир чи үүнд хайнга хандвал түүнийг уншиж байгаа хүмүүс чамайг түүгээр чинь хүлээж авна. Товчхон хэлэхэд чи өөрийнхөө түүхийг бичих ёстой.

За ингээд материалаа бүрдүүлээд элчин дээр өөрийн биеэр аваачаад өглөө. Дараагийн шат нь чи имейл хүлээх. Чи тэнцсэн тэнцээгүй гэсэн хоёр хариуны аль нэгийг л авна. Тэнцээгүй бол ойлгомжтой, гэхдээ ядаж л чи яасан бол гэж санаа зовж хүлээхгүй. Тэнцсэн бол чамайг дараагийн шат буюу аман ярилцлаганд урина.

Энэхүү ярилцлаганд анх материал өгсөн хүмүүсээс шүүгдээд тунаж үлдсэн хэсэг хүмүүс чиний өрсөлдөгч болно. Ярилцлага ердөө 15 минут бөгөөд энэ богинохон хугацаанд чи өөрийгөө хэн бэ гэдгийг асуусан асуултанд хариулахдаа таниулж амжих ёстой. Мэдээж бүгд л сандарна. Би өөрөө уул нь хүн ажилд авдаг, хүмүүсээс байнга ярилцлага авдаг байсан тул бэлтгэлтэй байсан хэдий ч, ширээний нөгөө талд гарахаар бид бүгд л ялгаагүй сандарч тэвдэнэ. Гэхдээ бэлтгэлтэй орвол чи энэ 15 минутыг бүрэн дүүрэн ашиглах боломжтой. Миний өгөх ганц зөвлөгөө бол “өөрийнхөөрөө бай”. Аяндаа хэн гэдгийг чинь тэр хүмүүс танина. Чи өөдтэй хүн биш бол харин жоохон асуудалтай хэрэг л дээ.

Үүний дараа дахиад хүлээнэ дээ. Имейлээр нэгээс хоёр долоо хоногийн дотор хариу ирнэ. Ингээд чиний явах үгүй шийдэгдэнэ. Үүнээс цаашихыг би бас хамаагүй олон нийтэд мэдээллэж болох үгүй дээр эргэлзэж байгаа тул олон юм яриад яахав. Аяндаа тэнцсэн бол элчингээс заавар зааварчилгааг нь өгөөд аваад явчихна.

Энэ тэтгэлгээр жилдээ 5-6 хүн шалгарч АНУ-д мастерын зэрэгт суралцахаар явдаг.

Фүлбрайт тэтгэлэг нь өөрөө дотроо хоёр төрлийнх бий. Миний дээр дурьдсан нь АНУ-ын засгийн газраас санхүүждэг нь. Өөр нэг хувилбар нь Монголын засгийн газраас санхүүжүүлдэг Фүлбрайтын тэтгэлэг. Яагаад Монголын засгийн газар өөрсдөө нэг нэр өгөөд АНУ-д сургах тэтгэлэг гээгүй вэ гэхээр нэг талаар ийм хэлбэрээр явуулж АНУ-ын ЭСЯ хариуцуулсан нь манай монголд нэн элбэг арын хаалга, хамаатан саднаа чихэх, ногоон гэрлээр оруулах асуудлыг шийдчихэж байгаа юм. Тиймээс энэ тал дээр ямар нэгэн даргын хүүхэд чиний байранд явах, хэн нэгнээр гуйлгаж тэнцэх гэсэн асуудал байхгүй.

Монголын ЗГ-ийн Фүлбрайтын шалгаруулах нөхцөл нь ерөнхийдөө АНУ-ынхтай адилхан. Нэг хэцүү нь суралцах мэргэжлийг тодорхой заасан байдаг. Үүнд: боловсрол, инженер, эрүүл ахуй, дэд бүтцийн инженер, мэдээлэл технологи, шинжлэх ухаан технологи, олон нийтийн бодлого гэсэн цөөн хэдэн мэргэжил бий. Мэдээж чи эдгээрийн аль нэгээр мэргэшсэн бол ЛАКИ ЮҮ!

Энэ тэтгэлгийг АНУ-ын тэтгэлгийн шалгаруулалт явагдаж дууссаны дараа зарлаж, шалгаруулалт явуулж эхэлдэг бөгөөд ихэнхдээ жил бүрийн 6 сарын сүүлээр зарлагдаж 8 сард тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд оруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mongolia.usembassy.gov/gom_fulbright2014.html

Анкетыг: http://photos.state.gov/libraries/mongolia/82677/PDF/GoM%20Application.pdf

Дээрх хоёр тэтгэлгийн бас нэг ялгаа нь тэтгэлэг авсан оюутнуудад тавигдах шаардлага. АНУ-ын ЗГ-ын тэтгэлэг нь сургуулиа төгсөөд 2 жил Монголдоо ажиллах ёстой гэдэг бол, Монголын ЗГ-ын тэтгэлэг 5 жил гэж шаарддаг. Дээрээс нь Монголын ЗГ-ын тэтгэлэг нь одоогийн байдлаар хуучин систем буюу төрийн сангийн зээлээр оюутан сургахад хэрэглэдэг тэр арга барилыг ашиглаж байгаа учир явахдаа бүрдүүлэх материал, өөрийгөө эргэж ирэх баталгаа зэргийг гаргах нь нилээн төвөгтэй санагдсан.

Австралийн виз, сургалт-ын зөвлөгөө, ТЭТГЭЛЭГ, Зуучлал
Шинээр ирэгсдийн сервис

FB: http://facebook.com/Gegeen

Mongolia: 99207936, 99998562
Tel: 976-70112232
Aust: 0407353505/0410063125
Email: gegeen
gegeen
gegeen-owner

Хаяг: 702/368 Sussex St Sydney
Mongol: 8 sharga, ABMA centre 111
ЧД 3-хороо Төмөрчиний гудамж-3 Хорго-н хойно
Салбар: Залуучуудын Холбооны
байр 210 тоот-ӨРГӨӨ2-н эсрэг талд

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: