Аав

Би Аав шигээ Аав болохыг хүснэ

                 Аав болно, Аавтай байна, Аавыгаа санана, Аавтайгаа тоглоно, Ааваараа загнуулна, зэмлүүлнэ, Ааваараа зодуулна, Аавдаа эрхлэнэ, Аавдаа үнсүүлнэ гэдэг ямар сайхан билээ.

              Монголчууд бид харьцангуй эрт Аав болж байгаа нь үнэн. Би өөрөө яг 25-ны жил дээрээ буюу адилхан нохой жилтэй бяцхан охинтой. Миний амьдралын гэрэл гэгээ – Мандахбатын Тэргүүнзаяа. Охин минь 6 сарын 1-ны шөнө мэндлээд Аав бид хоёр гэртэ ирээд гал тогооны өрөөнд сууж байхад Аав минь анх удаа нэг шил архи задлаад “За хүүдээ баяр хүргэе” гээд хундага тулгаж байж билээ… Аав гэдэг тийм л хүн…

               Аав минь намайг анх төрөхөд ээжийн өмнө зогсчоод биш байна гэж байсан гэдэг… Би гэр хороололд гэртээ, тэгээд бас дотроо бүтсэн болхоор тэгж бодсон хэрэг. Хажуу айлын эмээ хонгон дээр нь алгад тэгвэл уйлаад бүтээ нь гарна гэхэд Аав минь 2 хуруугаар зөөлөн алгадаад би дуугараагүй. Аавын хайр гэдэг ийм л байдаг…

              Эцэг, эх минь хэзээ ч гэрийн даалгавар, хичээлээ хий гэж хэлж байгаагүй юм. Манай ах эгч нарыг тэгж сургасан болхоор ч юмуу ерөөсөө л хичээлээ зүгээр л хийх ёстой гээд л хийдэг байлаа… Энэ бол өрхийн тэргүүн Аав хүн гэр бүлийн орчинг тэгж зөв бүрдүүлсэний үр дүн гэж ойлгоно.

               1990-ээд оны эхэн үе… картын бараа, айл болгон Эрээн явна, хүмүүс ажлаа хаяад наймаанд явна… Харин аав юм болдгоороо болоод өнгөрнө гэсэн шиг төрийн ажил хийсээр л ирсэн. Аавууд ямар олон зүйл нурших биш. Саяхан надад “Миний хүү, албан тушаал хэзээ ч битгий гуйж байгаарай. Ажил алба санал болговол бодож байгаад хариу хэлье гэж хэлж бай” гэж билээ. Аавын хэлсэн цөөхөн үгс, тэр үеийн хувцас, ярианы өнгө аяс бүгд цээжинд үлддэг шүү.

                  Гэхдээ амьдрахын тулд Аав хүн бас арчаатай, гэр бүлээ тэжээх хоол олдог байх  ёстой. Аав бас их сайн гүйлгээ ухаантай. 1990-ээд оны эхээр ээжийн Эрээнээс авчирсан барааг заралцдаг, Улаанбаатарт ханын болон ширээний цагны том наймаа хийдэг, майхан зардаг, зузаан дэвтэр бөөнөөр зардаг гээд 2-3, зарим нь бүр 10 нугардаг бизнес хийж байлаа. Би бол харин хар багын “”наймаачин”. 10 настайгаасаа айлаар явж сонин зардаг, савангийн хайрцагаар мөрийтэй шоо тоглодог, тоглуулдаг, тамхи, барааны савангийн наймаа хийдэг, сүүлдээ УБ-т дээлийн бүс, бугуйн цагны наймаа хийж, Орост Монгол наймаачиддаа тусалж, Мельбурнд зочид буудал цэвэрлэж, ресторанд угаагч хийж, ОХУ, Австралид орчуулагч хийж үзэж байлаа.  

               Оюутан болох гээд 16 хүрээгүй Улаанбаатар явж байхад, Москва явах гээд захаар тэнэж байхад, Барууны орны хилийг анх алхаж оюутан болхоор явах гэж байхад гээд бүхий л үед Аав минь дэргэд байж, бүх зүйлийг бэлтгэж, цөөхөн хэдэн үг хэлдэг. Эрх зүйч болоод хэдэн жил болсны дараа ч “би чамаас илүү хууль мэдэх юм байна” гэсхээд битүүхэн шүүмжлэх, Москва явах гэж байхад Москвад байхад хүний нутагт хол байгаа юм гээд хамаг юмаа надад л зориулах, Австралид мастерын диплом гардаж авсан бичлэгийг үзчээд Mandakhbat Sereenov гэж дуудахыг сонсчоод их л бардам үзэж суух. Аав хүн үр хүүхдээрээ бахархах үнэхээр сайхан.  Би хүртэл миний охин “Well done”, ‘Outstanding’, “Онц” дүн авахаар сэтгэл омогшдог шүү дээ.

               Миний насан дээр аав минь 4 хүүхэдтэй, социализмаас коммунизм руу улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явсан. Би ч гэсэн зөв ч юмуу буруу ч юмуу “Хүмүүнлэг Иргэний Ардчилсан Нийгэм” эх орондоо байгуулах гээд зүтгэж байна. Аав бүх хүүхдээ дээд сургууль төгсгөөд, гадаад, дотоод явуулж үзүүлээд, дээр нь бүгдийг нь орон сууцтай болгочихлоо. Энэ бол асар том хариуцлага, амжилт. Би ч гэсэн дахиад олон хүүхэдтэй болж, тэднийгээ бүгдийг нь дэлхийн хэмжээний боловсролтой, надаас илүү хүмүүжилтэй, Монгол уламжлал, соёлтой сайн хүн болгоно.

               Зурагнаас харахад Аав миний насан дээр үнэхээр ганган, сайхан залуу байсан юм билээ. Буудлагын спорт сонирхдог, ан хийх дуртай, айраг, өөхөнд нугасгүй, архинд согтоно шартана гэж огт байхгүй, загас тэжээдэг, марк цуглуулдаг, орос хэлтэй, нийгэмд хамгийн үнэтэй “математик физикийн багш” мэргэжилтэй. Одоо ч аав минь цэвэр цэмцгэр, орчин үетэйгээ нийцсэн яриатай, интернет ашигладаг, техник сонирхдог, машинаар хурдан давхидаг гээд зөндөө  зүйл байна. Аав шиг сайхан залуу байж чадахгүй ч “залуу Аав” сайхан харагдах гэж хичээнээ… заримдаа ч 6 настай охиндоо хувцас минь шүүмжлэгдэх юм J

              Аав 80-аад оны үед юмуу даа. МАХН-д элсэх гээд өглөө эрт ээжийн ааваас нэг зүйл хүссэн байна. /Манай өвөө минь мундаг лам байсан бөгөөд Дундговийн хүсний үйлдвэрт галчаар ажилладаг байсан юм. Тэгээд социализмын үед бурхан номын баахан юмаа авдранд нуугаад амбаарт хийсэн байсан чинь “Энэ хүүхдүд бурханы юмыг янз бүрийн юмтай холиод байх юм гээд маш үнэтэй бурхан сахиус бүх юмнуудаа хүнсний үйлдвэрийн том зууханд аваачаад шатаасан гэсэн./ Аав өвөөг “Хийморийн сан тавиад өгөөч, өнөөдөр намын гишүүн болох гэж байна” гэж хүсээд хийморийн сан тавиулчаад намын гишүүн болсон гэж байгаа.

               Аав таван эрэгтэй хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Гарын таван хуруу гэдэг дуунд маш дуртай. Харин би “Би жинхэнэ Монгол, Билэг танхай хөдөөний хүн” гэдэг дуунд зүрх сэтгэлээсээ дуртай. Аав шигээ би ч гэсэн 4 хүүхэдтэй айлын хамгийн бага. Айлын бага байна гэдэг эрх гэхээсээ илүү надад ах нарынхаа алдаа, оноон дээрээс их зүйл сурдаг гэж ойлгодог. Аав, ээжүүд ч өмнөх хүүхдээсээ ажиглаад сурлага, хүмүүжилд нь илүү ханддаг байх.

                 Хүн болгоны Аав мэдээж хамгийн сайн, хамгийн сайхан, хамгийн агуу. “Ачтан буянтан олончиг, Аавыг минь яаж гүйцхэв дээ” гэж дуу байдаг биз дээ. Тэгэхээр би Аавыгаа хайрлаж, хүндэтгэж, бас биширч явдаг. Өөрөө хожмын өдөр охиндоо Аав шигээ хайрлуулж, хүндлүүлж явахсан гэж хичээж, хөдөлмөрлөж, сурж, амьдарч явна даа. Өглөө анги руугаа орчоод охин минь гарч ирээд чихэнд “Төрсөн өдрийн мэнд хүргэе! Ааваа, хайртай шүү” гээд цаашаа гүйсэн нь нүдэнд харагдчихлаа.

 

          Өндөр овогт Сэрээновын Мандахбат

          2012 оны 8 дугаар сар 30

          Брисбэн хот, Австрали Улс

 

—————оОо———–

Advertisements
Posted in News. 1 Comment »

One Response to “Аав”

  1. gegeen@yahoo.com Says:

    wow. sn aav bgarai. ohin huuhed ih hoorhon shw


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

%d bloggers like this: