Хазара гэж Хэн Бэ?

Хазара гэж Хэн Бэ?Үргэлжлэл
Эдгээр хүмүүсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд энэ нь харьцангуй цөөн тоотой, улс төр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хүмүүсийг үл хайхрах, тэднийг бусдын нүднээс далд байлгах, түүх гарал үүслийг нь мартагнуулах гэсэн эрх зүй эдийн засаг, уламжлалын сонирхол бүхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, төлөвлөгөөт бодлогын хэрэгжүүлэлт юм.
Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан өндөрдүү хамартай, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон нөхдүүдээс Монголжуу дүр төрхөөрөө эрс ялгарах Хазара нарын гарал үүслийн талаарх судалгаа нь үндсэндээ хоёр чигийг заадаг аж. Үүнд:
1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үеэс үлдсэн цэргүүдийн удам. Хазара хэмээх үг нь Мянга гэсэн Перс үг бөгөөд энэ нь Монголын армиас тухайн үейин Хорезмийн нутагт үлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын үзэж буйгаар Хазара нь Монгол Түрэг угсааны хүмүүс аж.
2. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дүр төрхтэй хүмүүсийн Кушан хэмээх гүрэн оршин тогтож байсан бөгөөд, эдгээр хүмүүсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара үндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хөшөөг устгасан бөгөөд учир нь энэ хөшөө Хазара хүнтэй төстэй байснаас болсон гэдэг.
Юутай ч гэлээ өөрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зүйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хүн амын ихэнхийг эзэлдэг Пүштүн, Тажик нарт “гадныхан” хэмээн хавчигддаг тэд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд гэж үзэх үндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны түүхэнд Пүштүн үндэстнүүд нь бүүр сүүлд 18-р зуунаас эхлэн өмнөөс зүгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нүүдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл
Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бөгөөд, перс, Монгол, Турк үгсийн нөөцөөс бүрдсэн өвөрмөц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Үнэн сонинд мэдээлсэнээр (“Хальмг Yнн” № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зөвлөлт Афганы дайны үед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нөхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бөгөөд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогүй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас өөр нэгэн төс бүхий нийтлэл Оросын “Незавысимая Газета” сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд үнэлэшгүй олз бөгөөд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хүнтэй захидлаар харьцдаг байсан бөгөөд түүний хэлж буйгаар 1990 оны эх хүртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бүл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хүмүүс одоо болтол байсаар байх боломтой бөгөөд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их өөрчлөгдөлгүй үлдсэн байж болзошгүй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бөгөөд чухал асуудал юм.

Хазара Шашин
Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шүтдэг бөгөөд, энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстнүүдийн шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Пүштүн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазара нар буруу шашинтай “шиа” нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг
1880-аад оныг хүртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пүштүнүүдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, өөрсдөө Афганистаны уулархаг үржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Пүштүн үндэстнүүдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдөрийн байдлаар Пүштүний Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.

Хазара Хүн Ам
Хазара хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд, улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9% гэгддэг байсан боловч яг үнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүүд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.
Хэл, угсаатны зүй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билүү:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай.
Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазарануудтай нэг төрөл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хүмүүс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пүштүн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пүштүн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй харин өөр өөр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хүү Хулэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой.

Үргэлжлэл бий!

Сонирхосон хүмүүс
“The Kite Runner” by Khaled Hosseini
“Kabul Express” by Kabir Khan
ном кинонуудыг үзэж сонирхвол Хазар хүмүүсийн амьдрал ахуйтай зарим нэгэн талаар илүүтэй танилцах болно.

Нийтлэлийг бичсэн Тайж овгийн Х.БС.
Мэдээг оруулсан Ц.Батxуяг
Мэдээлэлийн эх сурвалж АНУ- Монголчуудийн цахим хуудас. dayarmongol.com

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: